Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.12 14:54
3589
Дорноговь аймаг хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнүүдээ экспортлохоор зорьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймагт ажиллалаа.

Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж, өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон уг арга хэмжээнд  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, 14 сумын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, 65 багийн малчид, тариаланчид, иргэд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаагаар "Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах" зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хүнс үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал болон салбарын хөгжил, дэвшил, гарц, шийдэл, үндэсний хөдөлгөөнд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцооны талаар хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн иргэд өөрсдийн бүс нутагт тохирсон, онцлог зүйлээ тодотгосон брэнд бүтээгдэхүүн, нэрийн дэлгүүртэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Аймгийн Засаг даргын зүгээс брэнд бүтээгдэхүүнээ бий болгож, нэрийн дэлгүүртэй болох эхлэл  тавигдсан талаар хэлж, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид талархал илэрхийлэн, алга ташлаа.

Үүний дээр Дорноговь аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байгаа талаараа хэлэв.

Дорноговь аймгийн хувьд газарзүйн онцлог, говийн эрс тэс уур амьсгал, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн газар тариалан сул хөгжсөн. Харин хүлэмжийн аж ахуй тэдний уур амьсгалд тохирсон тул аймгийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж, эх орныхоо хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж байна.

Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ.

Тус аймаг нь хүн амын хүнсний хангамжийн МАА-аас бэлтгэсэн мах 100 хувь, сүүний хэрэгцээний 76 хувь, өндөгний хэрэглээний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг тус тус хангаж байна. Мөн 2022 онд Дорноговь аймаг 136 га талбайд тариалалт хийж, нийт 560,3 тонн ургац хураан авсан.

Говийн хонины махыг Хангайн хонины махтай харьцуулахад хоёр дахин их антиоксидант идэвхтэй, амт, үнэр бүрдүүлэгч аминхүчил өндөр, махны гарц, амт чанар нь илүү гэдэг нь батлагдсан. Иймд Аймгийн ИХТ-н тэргүүлэгчдийн тогтоолоор “Дорноговийн хонины мах хөтөлбөр”-ийг баталж, орон нутгийн төсвөөс нийт 27,6 сая төгрөгийг шийдвэрлэсэн.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймгийн хүнсний үйлдвэр болон аж үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

"Мөрөөдлийн говь" ХХК - Сайншанд сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах 70000 тахианы автомат фермтэй танилцлаа.

"Мөрөөдлийн говь" компанийн хувийн хөрөнгө оруулалтаар боссон тус фермийн хувьд "Шанд Эгг" нэрийн өндгөөр аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60-70 хувийг хангаж байна. Ингэхдээ нийт тэжээлийнхээ 60-70 хувийн сангасаа дулааны аргаар боловсруулаад бордоо болгож нөхөн сэргээлтэд ашиг тустай үйлдвэрлэл хийдэг аж. Фермийн зүгээс өндөгний үйлдвэрээс гадна 100 мянган модны үрсэлгээ хийжээ. Түүнчлэн ирэх хавраас 30 га услалтын систем бий болгохоор төлөвлөсөн байна

"Далт мөнгөн шанд" ХХК Эх орондоо төдийгүй гаднын улс руу өөрсдийн Загсгалбрэнд цайгаа экспортолж байна.

Энэхүү компанийн үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Загсгал цай  бөгөөд түүхий эдийн хангалтыг дотооддоо 100 хувь бэлтгэдэг, чанарын стандарт хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ явуулдаг, орчин үеийн дэвшилтэт технологитой байгууллага юм. Уг цай нь хүний эрүүл мэндэд ашиг тустай бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн уриалгатай нийцсэн бүтээгдэхүүн юм. Загсгал цайгаа аймагтаа нийлүүлээд зогсохгүй нийслэл хотын томоохон сүлжээ дэлгүүрүүд болон гаднын улс руу экспортод гаргадаг байна.

No photo description available.

Дорноговь хар төмөрлөгийн цогцолбортөсөл - Аж үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээг гадагшаа чиглүүлэх өндөр ач холбогдолтой.

Зүүн бүсийн хөгжлийн эхлэл Дорноговь аймагт байрлах хүнд үйлдвэрлэлийн жишиг бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах хар төмөрлөгийн үйлдвэр нь зүүн бүсийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм.