Урин хавар болсныг илтгэж халуун орныг зорьсон нүүдлийн шувуудын түрүүч ирээд эхэлжээ. Монгол оронд 500 гаруй зүйлийн шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдэллэн амьдардаг тухай судалгаа бий. Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог Зэгст нуурын эзэн гангар хунгийн сүрэг айлчлан иржээ.
Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Тосон нуурт хос гангар хун айлчлан ирсэн байна. Уул уурхайн олборлолтын дараах биологийн нөхөн сэргээлтийн дүнд байгуулагдсан уг нуур нь тогтмол ундаргатай, цэнгэг устай учир анх байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жилийн турш гангар хун тэргүүт олон зүйлийн усны шувуудын зусаж, үрждэг чухал газруудын нэг болсоор ирсэн нь тун сонирхолтой юм.
Тосон нуурыг уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн шинэ жишиг тогтоосон Монполимет Группийнхэн байгуулж Монгол орны гадаргын усны нөөцөд бүртгүүлэн, нутгийн ард иргэдэд хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс гадна Тосон нуурт олон төрлийн загас амьдрахаас гадна цэнгэг усанд л амьдардаг ондатр ирж нутагшжээ.